Sunday, December 16, 2018

 Алтан овоо
Монголын эрсийн цог хийморийг бэлгэдэл болсон Алтан-Овоо буюу Дарь овоо нь Сүхбаатар аймгийн нутагт Молцог элсний хойд захад Дарьганга сумын төвийн дэргэд оршдог. Далайн түвшинээс дээш 1354 метрийн өндөрт өргөгдсөн энэхүү уул нь унтарсан галт уул аймгийн төвөөс 180 км зайтай. Галт уулын шовгор хэлбэр нь эвдрээгүй үлдсэн, галт уулын хүрмэн чулуу их, амсар нь баруун хойшоо сэтэрч урссан. Дарьгангын байгалийн цогцолборт газарт багтана. 
Дарь Овоог эрт үеэс нутгийн ард олон төдийгүй ихэс дээдэс тахиж шүтэж ирсэн гэдэг. Чухам хэдий үеэс тахиж шүтэж ирсэн нь тодорхойгүй боловч XIII зууны үед тахиж байсан гэж үзэх үндэс бий. Дарь Овоог урьд "Захын хар өндөр" хэмээн нэрлэдэг байсан хэмээн нуггийн хөгшид өгүүлсэн нь тун сонин юм. Дарьгангад Манжийн эзэн хааны сүрэг байгуулагдсаны дараа тус нутгийн тахилгат овоог бий болгох асуудлаар нутгийнхны дунд маргаан үүсэж, зарга тэмцэл болсны эцэст Манжийн хааны зарлигаар Дарь Овоог жил бүрийн хаврын эхэн сар ба зун хоёр удаа тахихаар болсон. Ийнхүү Дарь Овоог тахихдаа оройд нь гэр хэлбэртэй "Батцагаан" хэмэээх дугуй цагаан суварга барьж дээр нь олон давхар зузаалан алтадсан зэс ганжир шүншиглэн босгож тэр нь хаа холоос шижиртэн туяарч харагддаг болсноос "Алтан Дарь-Овоо" гэх болжээ. Мөн Манжийн хааны зарлигаар Орлой мэргэн хутагтыг Дарьгангачуудын шүтэж байх лам болгосон. Тэрээр Алтан Дарь Овооны жилийн хоёр тахилгыг удирдан явуулдаг байжээ.1911 оны Үндэсний хувьсгалаар Дарьгангачууд Монгол улсдаа нэгдэж, Богд хааны зарлиг ёсоор 1913 оны намрын дунд сарын 12-нд Алтан Дарь Овооны тахилгыг хийсэн байна. Овоог анх тахихдаа Богдын засгийн газрын Ерөнхийлөн захирах яамны төлөөлөгч дэс түшмэл, хонин сүргийн дарга Доржийн Магсаржав Богд хааны зарлигийг олон түмэнд уншиж сонсгон, овоон сүмийн Орлой мэргэн хутагт, бусад лам нарынхаа хамт ном уншиж тахилгыг нээдэг байв. Энэ үед овоон дээр овооны сахиус болгож цагаан морь сэтэрлэж, хүж арцаар ариусган, рашаан, айраг, сүү зэргээр мялаах бусад ёслолыг гүйцэтгэдэг байна. Сүргийн гар бүр идээ, ууц, бөх, морины бай шагналын зүйлийг бэлтгэж ирдэг. Тахилгын үеэр овоог гурван удаа тойрч мөргөдөг. Дээд замаар лам, хэргэмтэн, дунд замаар эрэгтэйчүүд, доод замаар эмэгтэйчүүд тойрч явдаг ажээ.